2026 оны 6-р сарын 27–28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил энэхүү тэмцээний маань 20 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.
Энэ удаагийн тэмцээнд нийт 83 тамирчин оролцсон бөгөөд үүнээс:
6 цагийн төрөлд 49 тамирчин,
12 цагийн төрөлд 21 тамирчин,
24 цагийн төрөлд 13 тамирчин тус тус оролцлоо. Оролцогчид зөвхөн Улаанбаатар хотоос гадна Орхон, Дорнод, Говьсүмбэр, Баянхонгор, Хэнтий, Төв, Баян-Өлгий зэрэг олон аймгаас хүрэлцэн ирсэн нь тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйг харууллаа. Мөн Дотоодын цэргийн 805 дугаар анги, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Онцгой байдлын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Олон өдрийн гүйлтийн холбоо, 1X Runners Club, Mongolian Elite Runners Club, Отгонтэнгэр клуб, Эко Трэйл Раннерс, Хурд гүйлтийн клуб болон бусад олон байгууллага, клубын тамирчид идэвхтэй оролцсон юм.
Тэмцээний 24 цагийн төрөлд Б.Буджаргал 191 км гүйж тэргүүлсэн бол 12 цагийн төрөлд А.Аманкелсин 120 км, 6 цагийн төрөлд Д.Амгаланжаргал 75 км гүйж тус тус түрүүллээ. Тамирчдын энэхүү амжилтууд нь зөвхөн биеийн хүч, тэсвэр хатуужлаар зогсохгүй, олон цагийн турш үргэлжлэх сэтгэлийн хат, тууштай байдлын илэрхийлэл байлаа.
Тэмцээний өдрүүдэд цаг агаар тогтуун, нарлаг байсан нь таатай нөхцөл бүрдүүлж, өөрийн хязгаарыг даван туулах, өөрийгөө сорих боломжийг бүрдүүлсэн юм. Барианд орж ирсэн тамирчдын царайнд ядаргаа гэхээс илүү сэтгэл ханамж, баяр баясгалан тодорч байлаа.
Шри Чинмойн гүйлтийн тэмцээн нь зөвхөн хурд, зайны өрсөлдөөн бус, харин өөрийгөө ялан дийлэх дотоод аялал байдаг бөгөөд энэхүү 20 жилийн турш бид Монголын хэт холын гүйлтийн хөгжилд сэтгэлээ шингээн өчүүхэн ч болтугай хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна.

